Download Firefox
Download Firefox

Wednesday, Apr 23rd

Last update08:20:35 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгалийн сэдвээр Монголын Швецайрь гэгдэх Хөвсгөл нутгаар зочилогтун!

Монголын Швецайрь гэгдэх Хөвсгөл нутгаар зочилогтун!

hubsgul
hubsgul-svh

Хөвсгөл аймгийн байгалийн тогтолцоо ард иргэдийн эртнээс уламжлан ирсэн түүх соёл зан үйл болоод ахуй амьдралын талаарх өөрийн мэдлэг дээр үндэслэж холбогдох материал цуглуулан газарзүйн шинжлэх ухаанд тулгуурлаж дүн шинжилгээ хийлээ.Гол зорилго нь Баруун монгол түмэндээ Хөвсгөл аймагт аялахад дөхөм болохын үүднээс мэдээлэл гарын лавлах болгон энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэгээ та бүхний өмнө дэлгэн барьж байна.

Хөвсгөл аймгийн нутаг нь Уул нуруу, ой тайга, гол мөрөн тэгш хосолсон, байгалийн үзэсгэлэн, газрын баялгаараа гайхагдсан нутаг. Хөвсгөлд рашаан ус,  эмийн болон ховор ургамал, ховор ба нэн ховордсон ан амьтад элбэг. Хүн амын олонх нь Хотгойдууд, Халх, Буриад, Урианхай, Цаатан зэрэг олон ястны өлгий нутаг билээ. Хөвсгөлд очсон хэн ч байлаа Үндэсний баатар Чингүнжавын холбогдолтой домог хууч яриа сонсож, цаа буга, цаатны аж амьдралыг сонирхох, дэлхийн хамгийн өндөр нарсыг үзэх, годон гутал, цагаан загас, Дархадын цагаан адуу зэрэг ховор сонин брэндүүдтэй танилцах хүсэл эрхгүй төрнө: Нэн эртний үеэс хойш хүн оршин сууж байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө, Мөнх хааны ордны туурь зэрэг дурсгалууд ч бий.

Хөвсгөл нутагт энэхүү онцлог зүйлс гадаад дотоодын жуулчдын сэтгэлийг зүй ёсоор татаж, жилд дунджаар дотоодын 8.6 мянга, гадаадын 9.5 мянган жуулчин зочилдог гэсэн мэдээ баримт бий.  д тус аймгийн зорин ирдэг.

Сүүлийн жилүүдэд Чингүнжавын Морьт хөшөө, Хөвсгөл Цэцэрлэг хүрээлэн, Бурхан багшийн сэрэг дүр, Баатаруудын цогцолбор, усан оргилуур зэргийг бүтээн босгож, жил бүр мөсний баяр, сарлагын пестивал, тэшүүрийн марофон, морин болон нохойн чарганы уралдаан зэргийг тогтмол зохион байгуулах болсон нь жуулчдын сонирхолыг улам ихээр татах болов.

Ийнхүү Монгол орны аялал жуулчлалын хамгийн тааламжтай гол нутаг болох Хөвсгөл нутгийн тухай аялагч жуулчдад цухас боловч мэдээлэл өгөхийг зорьсны улмаас тухайн нутаг орны онцлог зүйлсийг хэдэн төрлөөр ангилан танилцуулахыг хүсэв.

1. Байгалийн үзэсгэлэнт газрууд:

Хөвсгөл нутгийг зорьсон хэн боловч заавал очихыг хүсдэг Хөвсгөл далай, Дархадын хотгор, Хорьдол Сардгийн нуруу, Бүрэн хаан, Дэлгэр хаан уул, Модон хүү Хатан хүү арал зэрэг газрууд энд зүй ёсоор багтана. ёЭдгээр газар нутгийн хувьд цаашид цэвэр эко туризм илүү тохиромжтой, энэ чиглэлээр аялал жуулчлал хөгжүүлэх бодлого баримталдаг ба . Цэвэр байгалийн аялалыг хөгжүүлснээр экологийн тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх эко аялал жуулчлалыг урт удаан хугацаанд найдвартай хөгжүүлэх боломжой юм.

2.Геологийн дурсгалт өвөрмөц тогтоцтой газрууд:

Байгаль бол аяллын гол нөөц, дэвсгэр бүтээгдэхүүн болж байдаг. Тэр дундаа гол бүтээгдэхүүн нь геологийн дурсгалт газрууд, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд юм.

Хөвсгөл нутагт эко системийн иж бүрдэл болсон Хөвсгөл нуураас гадна Цагаан үүр сумын Даян дээрх Алаг-Эрдэнэ сумын Өрхөт, Хөх толгой, Уран дөш, Эг, Цагаан эрэг, Бүрэнтогтох сумын Хөх хөтөл зэрэг томоохон агуйнууд нь энэ ангилалд багтах аялал жуулчлалын бүс газрууд юм.  Дээрх агуйнуудаас хамгийн алдартай нь Даян дээрхийн агуй.  Эл агуй эрт дээр үед бөө мөргөлийн газар байж байгаад Монголд шарын шашин дэлгэрэх үеэс шашны тахилгат газар болж улмаар ойролцоо нь Даян дээрх хүрээ хийд үүсчээ.

3. Эмчилгээний чанартай рашаан ус шавар:

Одоогийн судлагдсан түвшинд олон улсын рашааны үнэлэмж, бүтэц, найрлага, чанар, эмчилгээний шаардлага, нөөцийг хангаж чадах 20 гаруй халуун хүйтэн рашаан байна. Аймгийн хэмжээнд рашаан ус хэлбэртэй түүний дотор Чандмань сумын Халх, Булнай, Галт сумын салбарт Жаргалант сумын Хөжилтийн халуун рашаан, Түнэл сумын Тэрхийн Цагаан, Наран бумбат, Цагаан уул сумын савслаг, Цэцэрлэг сумын Тошинт, Цахиур Түрүү, Бүрэнтогтох сумын Улаан, Бүлээн, Торцод, Гантиг, Цагаан уул сумын Өвгөд зэрэг хол ойртой зартай рашаан ус элбэгтэй.

Барилга архитектурын онцлогтой хийгээд шашны холбогдолтой сүм хийдүүд:

Бүрэнтогтох сумын Загзуугийн ам, Арбулаг сумын Мөнх хааны ордны туурь, Алаг хадны тулалдаан, Ханх сумын Ван толгой, (Уг толгой нь Чингүнжавын Манжид баригдсан газар гэдэг). Зэрэг цэрэг дайны түүхэнд холбогдох дурсгалт газруудаас гадна Цэцэрлэг сумын Ахмадын дэнж, Тэсийн хүрээ зэрэг шашны зориулалтын сүм хийдүүд бий. Мөн Цагаан уул сумын нутагт Тэсийн голын гэрэлт хөшөө, Улаан уул суманд Манчирын хүрээ, Мөрөн хотын Мөрөнгийн хүрээ, Бүрэнтогтох сумын Бүрэн хаан багийн нутагт орших Жалханзын хүрээ, Жаргалант сумын нутагт орших Арын хүрээ тус сумын Гэлэнхүүгийн суварга, Гэлэнхүү шүхэрчийн хад, Төмөрбулаг сумын Бүгсийн хүрээ, Чандмань өндөр сумын Алунгоо эхийн хөшөө, Цагаан үүр сумын Даян дээрх, Ар булаг сумын Цагаан чулуутын овоо гэх мэт сүм хийдийн дурсгалууд олонтой.

4. Агнуурын ач холбогдолтой ан амьтад

Хэзээнээс нааш Хөвсгөл нутагт идээшин амьдардаг ховор ан амьтад дэлхийн анчин жуулчдын соронз нь болсоор ирэв. Анчин жуулчид байгальд сөрөг нөлөөтэй боловч аялал жуулчлалын эрэлт ихтэй салбар болж байна. Хөвсгөл аймгийн хувьд бол загасчлалын гайхалтай нөөцтэй аймаг бөгөөд та унаган зэрлэг байгалиа хадгалсан гол дээр загасчлах зуураа Хөвсгөлчүүдийн өвөрмөц соёл найрсаг зочломтгой занг мэдэрч болно. Тэрээр Зэвэг, Хайруус болон Тул загасууд элбэгтэй Эг, Идэр, Чулуут, Дэлгэр мөрөн, Шишгэт, Үүр зэрэг гол дээр спорт засагчлал хийх боломжтой.

Загасчлахаар явах гэж байгаа бол та байгаль орчны яамны зөвшөөрөлтэй байх шаардлагатай бөгөөд үүнийг зөвхөн зөвшөөрөгдсөн аж ахуй нэгжүүдээр дамжуулан авах бололцоотой. Харин ахуйн зориулалтаар загасчлах зөвшөөрлийг байнгын оршин суугчдаар дамжуулан сум засаг захиргаанаас авна. Олгосон зөвшөөрөлд загасчлах газрыг заасан байх бөгөөд танай баг зөвхөн зөвшөөрөлд заагдсан газраар загасчлах ёстой байдаг юм.

5. Ховор ан амьтан, ургамал:

Монголын улаан номонд орсон, дэлхийд ховордсон ан амьтад энэ нутагт олон. Энэ төрлийн аялал жуулчлалын үйл ажиллагааг Цолмон травел зэрэг аж ахуй нэгж эрхлэдэг. Нутаг дэвсгэрийнх нь 35.4% -ийг ой мод эзэлдэг тус аймагт Вансэмбэрүү, Алтан хундага зэрэг 80 орчим төрлийн эмийн ургамал, нэрс, үхрийн нүд, улаалзгана, хад, чонын хэл, тошлой, гүзээлгэнэ зэрэг жимс, тэрчлэн самар, мэхээр, мөөг, сонгино гэх мэт ховор ургамлууд бий. Мөн Энэ нутагт байх сибирийн жодой, хонин арц, ягаан цээнэ, ямаан сарьдаг, шивүүрт артууз зэрэг олон төрлийн ургамал Монгол улсын улаан номонд орж ургамал амьтан нь жуулчдыг татах нэг зүйл болж байгаа билээ.

6. Нүүдлийн соёл иргэншил, угсаа зүй:

Судалгаанаас үзэхэд Хөвсгөл аймагт ирж байгаа жуулчдыг татаж буй гол зүйл нь нүүдлийн соёл иргэншил юм. Угсаатан зүйн сонирхогч болон эрдэм шинжилгээний жуулчин авах бүрэн бололцоотой.

7. Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрийн

газар зүйн байршил

Хөвсгөл нь Монгол улсын хойморт оршдог аймаг юм. 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. 23 сум, нэг тосгонтой засаг захиргааны 24 нэгжтэй.

Газар зүйн мужлалын хувьд Хангай Хэнтий их мужийн Хөвгөлийн мужид багтана. Хөвсгөлийн муж нь хойд өмнөд талаар өндөр уул нуруу хөвч тайгатй. Баруун зүүн хэсгээр бэсрэг уулын тэгш өндөрлөг тал хөндийтэй. Нутгийн ихэнх хэсэг нь далай түвшинээс дээш 1500-3000 м өндөрт оршино. Нутгийн хойд хэсэгээр Тагна соены нуруу, Хорьдол сардагийн салбар уулс, өмнө талаар Хангай, Булнай Эрчмийн болон Намнагийн нуруу үргэлжилнэ. Тус аймгийн хамгийн өндөр уул болох Саяаны уулсын салбар  Бүрэн хаан уулийн оргил 3491 метр юм.  Нутгийн баруун болон зүүн талыг нь ихэнхдээ  нь 2000 м өргөгдсөн тэгш өндөрлөгүүд эзлэнэ

8. Гадаргын ерөнхий төрх

Аймгийн баруун хойд  талын сумдаар Хатгал, Ханх, Рэнчин лүмбэ, Улаан уул сумууд руу хүрэх маршутаар аяллын судалгаа хийгдсэн. Байгалийн сайхан үзэгсэлэн чухал ховор түүхийн дурсгал ардийн аман зохиол хэл яриа зэргийг үзэн судалгаа явуулсан. Манай улсын умард хилийн дагуу баруун хойноосоо зүүн урагшаа чиглэн  үрэгжилсэн. Урт нурууг Соены нуруу гэх бөгөөд түүний өвөрөөс урагш чигэлсэн Хорьдол сарьдагийн нурууний зүүн баруун суганд Дархадийн хотгор буюу Шишгэтийн хөндий бий. Уг хөндий цааш үргэлжилсээр эх орны хилээс  гарч Эрхэг тайгадтай залгана Дархадийн хотгорийн эргэн тойрон нь Ой модоор битүү хучигдсан хөвч их тайга, их уулс хүрээлэгдэнэ. Хочимын хүрэн тайга, Хүрмэн тайга, Моорга тайга, Бүрлэг тайга, Ухмал тайга, Хүнхэр тайга, Рэнчинлхүмбэ, Гурван сайхан, Лам тайга, Улаан тайга, Хорьдол сарьдаг гэх  мэт тайга их уулсыг нэрлэж болно. Мөн Тэнгис голын баруун эрэгээр 3062 метрийн өндөрлөгт орших  Өнгөлөг тайга, Шагалаг тайга, Агаягийн нуруу хүрэмт гэх мэт их уулс хойшоо урагшаа цуварсаар

Энэ хэсэгт багтах Шишгэд голын дагуух уулс 3519 м, Халзар, Тавх, Сорил тайга 3009м, Боштог тайга 3235 м, Их улаан тайга 3080 орчим метрийн өндөртэй, Мөнх сарьдаг буюу Бүрэн хааны нуруу нь хур цас мөс бүрхээстэй. Богновтор мөсөн голууд ар луугаа гулсан буужээ. Тус уул нь аймгийн хамгийн өндөр уул юм. Соены нуруунд хад цохио хайрга элбэгтэй, нүцгэн тайга юм. Ерөнхийдөө ян сарьдаг зонхилсон 2500-3000 м нүцгэн тайга бэрх уул нурууд зонхилно. Бүрэн хаан уулаас баруун хойш Хар зүрх Хан хороо Баштаг уул, Ухаа – Хэмийн Шаргын бүргэд Цагаан тайга залган үргэлжилнэ.

8. Хөвсгөл аймагт дараах сумуудаар

аялахад илүү тохиромжтой

Хатгал сум

Хөвсгөл далай ээжийн өмнөд үзүүрт Хатгал сум 1727 онд байгуулагджээ. Тус сум нь 911.4 га газар нутагтай далайн зөөлөн чийлэг уур амьсгалтай. Энэ суманд нисэх  онгоцны буудалтай. Усан боомт сургууль шуудан ажиллана. Далай орчимд 17 баг 44 омог 132 төрөл 251 жигүүртэн бий. Хөвсгөл аймагийн цагаан сувд гэгдэх цагаан загас энд элбэг бий.

Ханх сум

5498 га нутаг дэвсгэртэй ханх суманд Хөвсгөл аймгийн хамгийн өндөр цэг болох Бүрэн хаан уул оршино. Сумын нутгийн өмнөд хэсгийг далай эзэлж,  хойд талаараа Саяны нуруу үргэлжилнэ. Тус Улаанбаатар хотоос 1020 км, Оростой хиллэх Ханх мондын хилийн боомтоос 22 км-ийн зайд оршино.

Улаан уул сум:

Өл Тоомын даваа Балгиргын хөндий Бошдог Дэлгэрхаан Улаан тайгын сүрлэг өндөр орголууд Багтага Гуна Мунгараг зэрэг олон голуудын сав гээд үгээр хэлэхийн аргүй үзэсгэлэнт байгалаараа Улаан уул сум алдартай. 1000575 га газар нутагтай тус сум 4158 хүн амтай, 107067 толгой малтай Улаан уул нь богд дархан шавийн хүчит эрсийн омгорхол Бургулийн хүрээ буюу Буянт хүрээний түүх гээд түүх домог олонтой. Мөн    алт фосфор нүүрс гээд ашигт малталаар баялаг тул олны анхаарлын төвд байдаг.

Рэнчин лхүмбэ сум:

Журлаг хорьдол сарьдаг рэнчин лхүмбэ ноен шовх болон уртрага жар ушт шарга арсай хогорог тэнгис зэрэг голууд байна. 4806 хүн амтай, 124206  толгой малтай. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 8848,3 кв/км. Байгалийн өвөрмөц тогтоцоос гадна ашигт малтмал ихтэй.  Фосфорит, зэс, төмөр, хөнгөн цагаан, ногоон цагаан  хаш зэргээрээ баялаг. Эрс тэс уур амьсгалтай.  Өвлийн цагт  зарим жил - 50 хэмд хүрдэг Улаан баатараас 998 км, ОХУ тай 113 км газраар хилэлдэг.

Уур амьсгал

Аймгийн нутаг эх газрын эрс тэс уур амьсгалтай нийт нутаг далай түвшинээс дээш ихээхэн өрөгдсөн учир зун сэрүүн өвөл хүйтэн. Тус бүс нутгийн хойд хэсгээр агаарын температур жилд 220 хоног, харин өмнөд хэсгээр 180 хоног орчим хасах хэмтэй байна. Нутгийн хойд ба өмнөд хэсгээр жилдээ 200- 400 мм хур тундас орно. Нутгийн хойд хэсгээр 10 сарын сүүлээр цасан бүрхүүл тогтож 3-4 сард арилдаг. 1990 оны сүүлчээр аймгийн ихэнх нутгаар агаарын даралт нэмэгдсэн. Аймгийн төв хэсэгээр нэмэх 40 хэм хүртэл халж, өвөлдөө их хүйтэрнэ. Цагаан нуур Улаан уул сумдын нутаг хөрсөн дээр нэмэх 50 хэм хүртэл хүйтэрсэн удаа бий.

Хур тундасны горим:

Хөвсгөл нуурийн орчим нутагт хур тундасны 91,0 нь унана. Хорьдол сарьдагт жилд дундажаар 250-300 мм, Бүрэн хаан уул Хар зүрх уул Хан хороо Боштог Цагаан чулуу Сайлаг Сайрхан тайгад 300мм, нам уулсын хэсгээр 150-200 мм тундас унана.

Улсын тусгай хамгаалалтай газар нутаг

Хорьдол сарьдаг уул:  Хөвсгөл нуурын баруун талаар орших их уул. Шохойн чулуунаас голлон тогтсон, шовх шовх оргилтой ой хөвч, тагийн бүс бүхий сүрлэг сайхан уул. Оргил нь 3200 орчим метр хүрнэ. Энэ хавийн уулын зүүн хэсэг нь дархан газарт багтах бөгөөд нэн ховор ойн цаа буга болон сибирийн хандгай, аргаль болон явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ховор амьтад жигүүртэн шувууд оршдог. Хорьдол сарьдаг уулын Арсайн голд байдаг хүрхрээ нь /70 м өндөр/ манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ юм. Энэ хавь уулын тайга, ян сарьдаг бүхий 1886 ам км талбайг хамруулан 1997 онд дархан газар болгожээ.

2008 оны 1 сард дархан цаазат газрын талбайн хэмжээг 36940.6 га-гаар нэмэгдүүлжээ.

Байгалийн цогцолборт газар

Хөвсгөл орчмын нутаг: Хөвсгөл нуур, түүний сав газар, Эгийн голын эх, Үүр голын сав газар, Зүүн соёны усны хагалбарын хэсэг зэрэг нийтдээ 8381 ам км талбайтай нутаг багтах бөгөөд энэ нутгийг 1992 оноос улсын хамгаалалтад авсан

Энд 30-40 өрх цаатан ард түмэн бугын аж ахуй эрхлэн өндөр уулын ой тайгаар нүүдэллэн амьдардаг. Энэ хавийн нутгийг Хөвсгөл нуур ба бөө мөргөлтэй цаатангуудын амьдардаг газар нутгийг оролцуулан “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэж ЮНЕСКО үнэлэн 1996 онд дэлхийн соёлын өвд бүртгэн авах санал гаргажээ. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрыг ОХУ-ын хил дагуух тусгай хамгаалалттай газруудтай нь хамт Монгол-Оросын хамтарсан дархан цаазат газар байгуулах асуудлыг ярилцаж байна.

Эндэх их ой тайгад ямаан сэрдэг, вансэмбрүү зэрэг нэн ховор ургамал ургаж хүдэр, умардын халиу, ирвэс зэрэг нэн ховор амьтад, сибирийн хандгай ойн цаа буга, алтайн аргаль, янгир, буга, бор гөрөөс, гахай зэрэг ховор амьтад, хар өрөвтас, явлаг сар, хурган тутгалжин зэрэг жигүүртэн шувууд амьдарна.

Хөвсгөл нуур: Монгол орны нутгийн хойд хэсэгт, д.т.д 1624 м өндөрт Хорьдол сарьдаг уулын шовх оргилт салбаруудаар хүрээлэгдсэн 2620 ам км талбайг эзлэн оршино. Мөрөн хотоос 102 км-ын зайтай уг нуур уртаашаа 134 км, өргөөшөө 39 км бөгөөд энэ нуурт 5300 ам км талбайгаас усжих 46 гол горхи цутгаж, ганцхан Эгийн гол эх авч урсана.

Хөвсгөл нуур нь төв Азийн хамгийн гүн /232 м/ нуур бөгөөд түүний усны нөөц нь 380 шоо км юм. Усны нөөцөөрөө Азид 2, Дэлхийд 14-рт ордог. Дэлхийн цэнгэг усны 1%-г агуулж байгаа гэсэн судалгаа бий. Нуурын тунгалагшил нь 24 м хүрнэ. Эргэн тойрон нь нуурын усандаа тольдсон уулын их шинэсэн ой, орой нь нүцгэрсэн их ян сарьдагууд зонхилно. Хөвсгөл нуурын эрэг дээр Хатгалаас баруун хойш “Жанхай”, “Тойлогт”, “Далайн түрлэг”, “Хангарьд”, “Байгаль үүд”, “Хан тайга”, “Сакура”, “Уянга” зэрэг жуулчны баазууд бий. Хөвсгөл нуурт омоль, май, зэвэг, хадран, улаан нүдэн, саамхай, алгана зэрэг загас амьдарна. Нуурын мөс зөөлөн учир өвөл тэшүүрээр гулгахад тохиромжтой юм.

Байгалийн нөөц газар

Улаан тайга уул:

Хөвсгөлийн мужийн баруун зах хэсгээр орших, голын сав дагуух өндөр уулсыг багтаасан томохон нуруу юм. 2003 онд 1080 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авчээ. Эндэхийн ян сарьдаг бүхий уул нуруудад эртний тэгшрэлийн гадарга мөстлөгийн моренна, мөстлийн гаралтай нуур элбэгтэй. Энд жинхэнэ уулын тайгын бүслүүр тархснаараа онцлог. Мөн шинэ төрмөлийн эриний галт уулын хурдас ихээр тархсан.

Намнан уул: Хөвсгөл аймгийн Тариалан, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгийн заагт оршино. 2003 онд 296 ам км талбайгаар Улсын тусгай хамгаалалтад авчээ. Шинэс голлосон хуш бүхий ойтой, ховор амьтан ургамалтай.

Дурсгалт газар

Даян дээрхийн агуй: Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын нутагт. Сумын төвөөс урагш 30 км-д, Үүрийн голын зүүн гарын цутгал, Дээрхийн голын хөндийд оршино. Энд агуй шохойн чулуулгийн уусмалаас тогтсон ба ардаас нь унжсан бану, бануцарууд байх нь сонин. Мөн түүхийн дурсгалт газар болох хийдийн үлдэгдэл бий. Агуй болон түүний орчмын  280 ам км талбай бүхий газрыг УИХ-ын 2006 оны 26-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ.

Намнангийн нуруу: Тариалан Хутаг-Өндөр сумын нутгийн заагаар сунаж тогтсон д.т.д 2013 м өндөр нуруу юм. ой мод гол горхи ихтэй энэ уулыг 2500 онд 290 ам талбайгаар УТХ-д авсан.

Хөндлөн Их уул: Тариалан сумаас Мөрөн орох замд Их уул сум болон  Сэлэнгэ мөрний зүүн талаар сунаж тогтсон энэ уулын оройд хүрмэн чулуулгийн үелсэн давхарга ил гарсан нь сонин юм. Уул тогтох хөдөлгөөнөөр газрын царцдас хагарч зөрөн, урд жигүүр нь өмрөн доош сууж, хойд жигүүрийнхээ доогуур шурган ороход нөгөө хойд жигүүр нь өргөгдөж огшин энэ уул бий болжээ. Энэ уулыг Одос уул ч гэж нэрлэдэг.

Олон голын бэлчир: Идэр, Дэлгэр, Бүгсэй голууд нийлэх уулзвар. Энэ уулзвараас доош Сэлэнгэ мөрөн болон урсана. Сэлэнгийн савд байдаг хилим зэрэг олон зүйл загастай. Энэ үзэсгэлэнтэй сайхан нутгийг Мөрөн орох замдаа Тосонцэнгэл сумын төвөөс зориуд ирж үзэж болно. Очих буцах замын урт нь 86 км.

Уушгийн өврийн буган хөшөө бүхий дурсгал: Мөрөн хотоос баруун тийш 16 км  Дэлгэр мөрний хөндийд би.

Рашаан ус

Хүн эрт дээр үеэс байгалийн рашаан усыг өвчин эмгэгээ эмчлэхэд хэрэглэсээр иржээ. Газрын хөрсний буюу хур тундасны ус  газрын гүнд нэвчиж, тухайн хөрсний орчны эрдэс бодисыг уусган эрдэс рашаан болдог. Эрдэст усны гол бүрэлдэхүүнд натри, кали, кальци, магни, төмөр, хлор, хүхэр, нүүрс хүчил ордог. Зарим рашаан усанд цацраг идэвхит бодис байдаг.

Хөвсгөл аймгийн хэмжээнд рашаан ус элбэгтэй. Түүний дотор Чандмань-Өндөр сумын Халх Булнай, Галт сумын Салбарт, Жаргалант сумын Цэцүүх, Хөгжлийн халуун рашаан, Түнэлийн Тэрхэн Цагаан-Уул, Улаан-уулын Бөөстөг, Рэнчинлхүмбийн Хоногцол, Цагаан-үүрийн Саравслаг, Цэцэрлэг сумын Тошинт, Цахир түрүү, Бүрэнтогтох сумын Дулаан бүлээн, Төмөрбулагийн Торц, Цагаан-уул сумын Өвгөд зэрэг хол ойрдоо зартай олон рашаан байна.

Булнайн халуун рашаан

Чандмань-Өндөр сумын төвөөс хойш 40-өөд км зайтай байдаг. Хөвсгөл нуурын зүүн тийш Үүрийн тэгш өндөрлөгт Халхан голын эх хавьд 1600 м өндөрт орших эл рашаан халуунаараа алдартай. Эл рашааныг Булнайн буюу халхан голын рашаан гэдэг. Рашаан нь хар модон ой, боржин чулуулгаас тогтсон их уулсын дунд байдаг. Гүнээс ундрах олон булагтай. Халуун нь 27-45 хэмд хүрдэг. Рашааны химийн найрлагыг нь 1971 онд шинжлүүлэхэд гидрогарбит, сульфат, хлорид, натри, кальци ихтэй халуун рашаан юм гэж тогтоосон. Дээр үеэс нутгийн иргэд өвчин хуучаа эл рашаанаар эмчилдэг байжээ. Оросын эрдэмтэн Антилов, эрдэмтэны О.Намнандорж, Ш.Цэрэн, Ө.Нямдорж нар рашааны найрлага бүтцийг шинжилж судалж байжээ. Мэдрэлийн болон дотоодын шүүрлийн өвчнийг анагаахад өргөн хэрэглэдэг. Арьсны үрэвсэлт өвчнийг анагаахад тустай. Аймгйин төвөөс эл рашаанд хүрхэд 220 км

Гантигтын рашаан

Бүрэнтогтох сумын Хядагийн голын орчмын нэгэн булгийг Гантигт гэж нэрлэдэг. Гантигтын цэнгэг хүйтэн булгийн усыг нутгийн иргэд, хол ойрын хүмүүс эртнээс элэг цөс, дотрын элдэв өвчинд ууж, өвчин эмгэгээсээ салсаар иржээ. Хядагийн буюу Гантигтын рашаан усны физик-химийн үндсэн шинж найрлагыг 1999 онд рашаан судлалын төв лаборторид шинжлэхэд сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат кальцийн ион зонхилсон сул эрдэсжилтэй рашаан ус гэсэн дүгнэлт гаргасан байна. Эл рашааныг элэг, цөс, ходоодны архаг болон хоолны шингэц муудах өвчинд хэрэглэдэг байна. Аймгийн төвөөс рашаан хүртэл 32 км зайтай.

Салбартын халуун усны рашаан

Галт сумын Рашаант багийн нутгийн Гүртийн нурууны ар бэлээс оргилон гарах халуун рашаан усыг Салбартын халуун рашаан гэнэ. Рашааныг 300-гаад жилийн тэртээгээс нутаг хошууны ардууд үе мөч, чийг бам, бөөр нуруу, саа зэрэг элдэв өвчин эмгэгийг илааршуулахад хэрэглэсээр иржээ. Нэг дороос шахам оргилох таван булгаас секундэд 6.1 литр рашаан ус ундарна. Рашаан 38-44 хэм халуунтай. Рашаан усны найрлага хими, физикийн шинж чанарыг судалж үзэхэд бага эрдэсжилтэй, сульфатын хлор, натри кальцийн ион зонхилсон, геохимийн ангижруулах порцесст бүрэлдэн тогтсон азотлаг хүхэрт-устөрөгчийн сульфат натрийн ионы бүлэгт хамаарагдах рашаан юм.  Салбартын халуун рашаан хүрэхэд аймгийн төвөөс 177 км, сумын төвөөс 25 км юм.

Тошинтын рашаан

Сумын төвөөс 38 км-ын зайд Тошинтын толгойн өвөр хормойноос оргилох эл рашаан Тошинтын рашаан гэж олонд алдаршсан юм. Тошинт толгой нь боржин чулуунаас тогтсон. Толгойн өврөөс ухахад хүхэр үнэртсэн хар хөх өнгийн нуранги чулуу гардаг. Эл рашааныг 1960 оны үед шинжлэн усанд нь нүүрс хүчлийн хий, хүхэрт ус төрөгчийн хүчиллэг байгаа нь тогтоосон. Рашааны хөлд хүхэр ханхалсан хар хөхдүү өнгөтэй өмхий шавар байдаг. Нутгийн хүмүүс ходоод гэдэс, дотрын өвчин, дөрвөн мөчний өвчинд сайн гэж хэрэглэсээр иржээ. Рашааныг уухад элдэв амт үнэргүй. Шаварт нь хөл гараа дүрж шавж хэрэглэдэг. Хол ойрын рашаанчид 7,8-р сард их ирнэ. Аймгийн төвөөс эл рашаан 220 км юм.

Хоногцолын рашаан:

Ринченлхүмбэ сумын төвөөс 80-аад ын зайд Жанарын тайгын нэгэн гол болох Уртрагийг баруун эрэгийн өндөр уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар Хоногцолын рашаан байдаг. Уртрагийн давааны энгэрийн хормойноос ундрах олон жижиг бүлгийн рашаан хэмээн эртнээс нутгийн хүмүүс хүртэн элдэв өвчнөө илааршуулдаг байжээ. Энэ рашаанд хүрэх зам бэрх морьтой хүн хэд хоног явж хүрдэг. Зах зээлийн үед нутгийг ашиглан рашаан усанд машинаар очих зам гаргах гэж аймгийн хөдөлмөрчдийн үүсэл санаачилгаар 1988 онд засаж суудлын тэргээр очдог болжээ. Энэ рашаан нь эрдэсжилттэй сульфат натрийн найрлагатай хүхэрлэг амттай юм. Доод булаг буюу доод рашааныг ходоод гэдэс элэг, цөс, цус багадах өвчинд уудаг. Дээд булаг буюу дээд рашаан нь 20-иод хэмийн халуунтай. Энэ рашааныг нутгийн хүмүүс уух, шавших, цохиулах, орох зэргээр хэрэглэдэг.

Цахир түрүүний рашаан:

Цэцэрлэг сумын 2 багын нутагт сумын төвөөс 20 -иад км зайд байдаг. Хул азаргын нурууны өмнө биеийн хөндийн урагш сунаж тогтсон шохойн чулуу бүхий жижиг цахир толгойн өмнө хэсэг бэлээс оргилон гарах рашаанийг нутгийхан Цахиар түрүүний рашаан гэдэг энэ рашаан дотрийн элдэв өвчин бөөр үе мөч зэрэгт сайн гэж уудаг.

Жодоо мод

Aймгийн нийт нутгийн 35,4% буюу 35,5 мянган км квадрат талбайг ойн талбай эзэлнэ. Ойд гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит болон шилмүүст мод эзэлдгийн 90 орчим хувь нь хар мод юм.

Тус аймагт Вансэмбэрүү, алтан хундага зэрэг 80 шахам төрлийн эмийн ургамал ургана. Нэрс, үхрийн нүд, улаалзгана, улаагана, хад, аньс, чонын хэл, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс, самар, мэхээр, мөөг, сонгино гэх мэт хүнсний ургамлын арвин баялаг нөөцтэй юм. Эдгээрээс биологийн нөөц удмын сангаараа эрдэмтний сонирхлыг татдаг Сибирийн жодоо, хонин арц, ягаан цээнэ, ямаан сэрдэг, шивүүрт, ортууз зэрэг олон төрлийн ургамлууд Монгол улсын улаан номонд оржээ.

Ан амьтан

Хөвсгөл аймагт 5 баг, 13 овог, 31 төрөлд хамрагдах 35 зүйлийн хөхтөн, тэр дундаа үнэг, чоно, хандгай, баавгай, хярс, хүдэр, зэрлэг гахай, буга, гөрөөс, булга, тарвага зэрэг үслэг ан амьтан, 2 зүйлийн 2 нутагтан, 4 зүйлийн хэвлээр явагч, 400 гаруй зүйлийн шавьж амьдардаг.

Тус аймгийн гол мөрөн нууранд 10 гаруй зүйлийн загас байдгийн дотор монголдоо хамгийн томд тооцогдох тул загас, Сэлэнгэ мөрнөөр дамжин ирсэн хилэм загас, Дархадын хотгор, Шишгэдийн голын сав нутагт дэлхийд хосгүй цагаан загас бий. Эдгээр загасыг Оросын Петр хаан хүнсэндээ хэрэглэж байсан байна.

Тус аймагт ёл, хойлог, шонхор зэрэг 2000 гаруй зүйлийн шувууд байдгаас гадна өрөвтас, гангар хун, хээрийн галуу, байгалийн нугас, явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд, бүргэд, алтайн хойлог, Азийн цууцаль, итгэлэн цахлай гэх мэт шувууд Дэлхийн болон Монгол улсын улаан номонд орсон шувууд бий.

Б.Содном (Ховд их сургуулийн Газар зүйн 4-р ангийн оюутан )

Comments 

 
#1 p 2013-06-03 10:42
:sigh: :roll: :P :zzz :eek: :-x :-? :o :cry: :sad: :oops: :-* :-| 8) ;-) :-) :lol: :D
Quote
 

Add comment

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ