Download Firefox
Download Firefox

Friday, Jul 25th

Last update03:34:12 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Ярилцлага 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт

100 мянган айлын орон сууц хөтөлбөрт

-Энэ хөтөлбөрт маш бага орлоготой иргэдийг ч хамруулах талаар ярилцаж байгаа-

ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлантай уулзаж, шинээр хэрэгжихээр яригдаж байгаа 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн талаар ярилцлаа. Мөн өнгөрсөн оноос хэрэгжүүлж буй 4000 айлын орон сууц хөтөлбөрийн явц, гарч буй үр дүнг сонирхсон юм.

-Энэ жилээс 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжихээр яригдаж байна. Хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ?

-Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийг ямар замаар хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал одоогоор яригдаж байна. Засгийн газар дангаараа 100 мянган айлын орон сууц барина гэж байхгүй. Тиймээс энэ ажилд хувийн хэвшлийнхэн ч оролцоно.

Төрийн зүгээс бага орлоготой иргэдийг мартаж болохгүй. Энэ бүгдийг нийлүүлсэн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн ерөнхий схем яригдаж байгаа. Мөнгөтэй байж барилга барих нь ойлгомжтой учраас санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас олох вэ гэдэг асуудал ч байна. Гэхдээ эдгээр асуудал удахгүй шийдэгдэнэ.

 

-4000 айлын орон сууц хөтөлбөрт төрийн албан хаагчид хамрагдсан. 100 мянган орон сууц гэдэг 4000-ын дэргэд их тоо. Тэгэхээр энэ хөтөлбөрт хувийн салбарт ажиллагсад ч хамрагдана биз дээ?

-Монгол Улсын иргэн л бол хамрагдах боломжтой. Төрийн албан хаагч, хувийн салбарынхан гэж ялгахгүй. Хувийн хэвшлийнхнийг хамруулах асуудал яригдаж байгаа. Хувийн хэвшлийн 10 мянга орон сууц барья, төрийн албан хаагчдынхыг үргэлжлүүлье гэх зэрэг олон хувилбар яригдаж байна. Бүгдээрээ л 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ шүү дээ.

-Гэхдээ зээлд хамрагдах учраас төлбөрийн чадварыг харгалзаж үзэх байх?

-Хөтөлбөрийн нарийн дүрэм журам боловсрогдож байгаа. Зээлээр байр авах гэж байгаа учраас ямар нэг байдлаар орлоготой байх хэрэгтэй. Тухайн хүн өөрөө өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх эрмэлзэлтэй байх ёстой. Үнэгүй байр гэдэг ойлголт зах зээлийн нийгэмд байхгүй. Гэхдээ маш бага орлоготой иргэд ч хамрагдах боломжийг бүрдүүлэх асуудал ярилцаж байгаа. Ингэхдээ тусад нь хямд төсөр ядуусын хороолол барих гэх мэтийн иргэдээ алагчилж үзсэн зүйл хийхгүй л дээ. Орон сууцны үнийг хямд байлгахын тулд дэд бүтцийг нь төсвөөс шийдэх, хямд төсөр санхүүжилт олгох хэрэгтэй юм.

-Энэ хөтөлбөрийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?

-100 мянган айлын орон сууц хөтөлбөр шууд маргааш хэрэгжээд дуусчихна гэж байхгүй. Эхлээд бэлтгэлээ хангана. Хөтөлбөрийн хүрээнд баригдах анхны орон сууц энэ хавраас босч эхэлнэ. Эхний хүмүүс ирэх намар өвлөөс орох байх. Дуусаагүй байгаа барилгууд хөтөлбөрт хамрагдаад хямд үнэтэй санхүүжилт авч болно. Тэгвэл энэ нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт орно. Энэ хөтөлбөр ойрын хугацаанд эхний үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Гэхдээ эдгээр байрыг бүгдийг нь хямд үнэтэй байлгахын тулд төрөөс дэд бүтцийн асуудлыг нь шийдэж, байранд орох хүмүүсийг бага хүүтэй зээлээр хангах хэрэгтэй. Ингэснээр 100 мянган айлын орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжинэ.

-Хөтөлбөрийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх юм бол?

-Санхүүжилтийн эх үүсвэрийг олох тал дээр Сангийн яам ажиллаж байна. Бонд гаргах, орд газраа барьцаалах зэрэг олон хувилбар яригдаж байгаа. Гэхдээ одоогоор бүрэн шийдвэрлэгдээгүй, ярианы түвшинд байна. 4000 айлын хөтөлбөр тодорхой үр дүнд хүрсэн. Гэхдээ орон сууцны зээлээр бүх асуудлыг шийдэж болохгүй. Дахиад зах зээл дээр олон мянган орон сууцны зээл зэрэг гаргавал байрны үнэ шууд өснө. Өмнө 4000 хүн орон сууцны зээлд хамрагдах гээд байр хайгаад явж байсан. Гэтэл одоо 100 мянган хүн байр хайгаад явбал орон сууцны үнэ гарцаагүй өснө. Эрэлт огцом өсвөл үнэ дагаж нэмэгддэг нь зах зээлийн жам шүү дээ. Тиймээс бид энэ эрсдэлийг тооцож, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг байрны нийлүүлэлттэй уялдуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Нөгөө талаар орон сууцыг хямд өртгөөр барьж, зах зээлийнхээ үнийг барих хэрэгтэй. Юутай ч бид балансыг нь тааруулаад үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэдэд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй нөхцлөөр байрны зээлд хамрагдах боломж бүрдэх байх?

-Бид төрийн албан хаагчдаа жилийн найман хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээлд хамрууллаа. Одоо иргэдээ бас зээлд хамруулах ёстой. Энэ бол гарцаагүй үнэн. Гэхдээ яаж вэ гэдэг асуудал байна. Шууд зээл олгох уу, орон сууцыг нь барьж өгөх үү гэдэг асуудал бий. Миний түрүүний ярьсан эрсдэлүүдийг тооцож үзээд ойрын хугацаанд шийдвэр гаргах байх.

-Зээл олгохоос гадна орон сууц барьж өгөх талаар та ярилаа. Орон сууц барьж өгөх гэхээр?

-Эрэлт, нийлүүлэлт гэдэг талаар нь ойлгох хэрэгтэй. 4000 айлын орон сууц хөтөлбөр эрэлтийг дэмжсэн. Ингэснээр хүмүүс байр аваад барилгын салбар гацаанаас гарсан. Дараачийнх нь эрэлтийг дэмжихийн хажуугаар нийлүүлэлтийг бас дэмжих учиртай. Бага дунд орлоготой иргэд хоёр өрөө, 50 метр квадрат орчим хэмжээтэй байр их сонирхдог. Тиймээс ийм байруудыг барих ёстой. 4000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд эрэлтийг дэмжээд борлогдоогүй байсан байруудаа зарчихсан. Одоо бид дахиад эрэлтийг дэмжвэл байр олдохоо болино. Тэгэхээр 100 мянган айлын орон сууц хөтөлбөр эрэлт, нийлүүлэлтийг хослуулсан байдлаар хэрэгжих ёстой. 4000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжсэнээр олон хүн барилгын салбарт орж, олон ч барилга баригдсан. Энэ бол 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн үр дүн. Тиймээс 100 мянган айлын орон сууц хөтөлбөр илүү олон хүнийг барилгын салбарт ороорой гэж уриалж байгаа хэлбэр. Ямар ч хөтөлбөр хувийн хэвшил дээр тулгуурлаж явдаг. Засгийн газар өөрөө барилга барихгүй, бодлогоор дэмжиж, дэд бүтцийг нь шийдэж өгнө.

-Дэд бүтцийг нь шийдэх ямар боломж байна вэ?

-Тав дахь эх үүсвэрийн асуудал яригдаж байгаа. Цэвэр усны нөөц, бохирын шугам гээд олон ажил хүлээгдэж байна. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр эдгээр ажлуудыг эхлүүлэх эрх зүйн томоохон дэмжлэг болж байгаа юм. Олон жил яригдсан дулааны тавдугаар эх үүсвэрийн асуудлыг шийдэхээр болсон.

-Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах нь утаанаас салах гол арга. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр гэр хорооллыг барилгажуулах ажилтай хэрхэн уялдах вэ?

-Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах ажил бол 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн бас л нэг хэлбэр юм. Энэ чиглэлээр маш олон ажил хийгдэж байгаа. Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд 300 айлын орон сууц барина. Үүнийг гэр хорооллыг орон сууцжуулах ажлын эргэлт болно гэж итгэж байна. Ер нь гэр хорооллыг бүхэлд нь чөлөөлнө гэвэл их төвөгтэй. Гэр хорооллын газар дээр иргэдийн хувийн өмч байдаг. Тиймээс хувийн өмчөө хэдээр үнэлэх нь хувь хүний асуудал. Нөгөө талаар манайд газрыг албадан чөлөөлөх тухай хууль байхгүй. 4000 айлын орон сууц хөтөлбөр энэ жилийн эхний хагаст хэрэгжиж дуусна

-Яриагаа 4000 айлын орон сууц хөтөлбөрийн талаар үргэлжлүүлье. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусч байна уу?

-4000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжээд жил боллоо. Одоогийн байдлаар 2700 хүний зээлийн шийдвэр гараад байна. Энэ нь ийм хэмжээний өрхийн байрны асуудал шийдэгдсэн гэсэн үг. Бид 2700 хүнд 88.7 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ онд бидэнд 80 тэрбум төгрөгийн бондын эрх өгсөн ч үндсэндээ дуусч байна. Тиймээс ойрын хугацаанд дараачийн бондыг арилжаалах хүсэлтийг Сангийн яаманд тавьсан. Сангийн яамны энэ жилийн төсөвт 72 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын орон сууцны зээлийг төлж дуусгахад зориулж суулгасан. Тиймээс 72 тэрбум төгрөгийн бондыг бид үргэлжлүүлэн арилжаалж, үлдсэн 1000 гаруй хүний байрны зээлийн асуудлыг ойрын хугацаанд шийдэх төлөвлөгөөтэй байгаа.

-Энэ хөтөлбөрт хамрагдах эрхтэй хүмүүст квот олгосон. Энэхүү квотыг дамжуулан ашиглах боломж бий юу?

-Хэрэв квотод хамрагдсан хүн манай байгууллага дээр ирээд зээл олгогдохгүй ч юм уу, ямар нэг байдлаар зээлээр байр авахаас татгалзсан тохиолдолд тухайн квотыг буцаагаад байгууллагад нь хүргүүлж байгаа. Тиймээс квотыг шилжүүлэх, дамжуулах тухай ойлголт байхгүй. Хүмүүс квот зарж байна гэж яриад байгаа. Зарсан, зарах гээд явж байсан тохиолдол илрээгүй. Манай байгууллага ч квотыг хэн нэгэнд шилжүүлж өгөх эрхгүй.

-Ер нь квотыг дамжуулан худалдаалсан эсэхийг хянах боломж байна уу?

-Зарах боломжгүй. Бид байгууллагаас нэр нь ирсэн хүнд л зээл олгодог. Түүнээс “Энэ хүн миний оронд зээлд хамрагдана” гэж хэлснээр асуудлыг шийддэггүй. Байгууллага дотроо албан тоотоор нэрийг нь солих тухай асуудал ирдэг л юм. Тухайн байгууллага нь шийдээд хүмүүсээ хооронд нь сольж байгаа бол бид оролцохгүй. Харин тухайн байгууллагаас нэр нь ирчихсэн хүний оронд өөр хүн “Би орно” гээд ирсэн тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй.

-Квот хүчингүй болж байгаа тохиолдол бий юу. Тийм тохиолдолд яах вэ?

-Хөтөлбөр хараахан дуусаагүй байна. Байраа хайж байгаа хүмүүс ч бий. Тэгэхээр квот хүчингүй болно гэсэн ойлголт байхгүй.

-Орон сууцны үнэ ханш төсвийн цалинтай хүмүүсийн хувьд боломжийн хэмжээнд байгаа эсэх асуудал анхаарал татаж байна?

-Бидний зүгээс барилгын компаниудыг үнээ буулга гэж шахахад төвөгтэй. Иргэн өөрөө сонгосон барилгын компанитайгаа үнэ ханшийн талаар ярилцаж болно шүү дээ. Барилгын компаниудын хувьд аль болох ашигтай ажиллахыг чухалчилна. Харин иргэд аль болох хямд авахыг боддог. Гэхдээ байрны үнэ нэг хэсэг өсч байснаа одоо тогтчихлоо. Иргэд 40 сая төгрөгөөр хоёр өрөө байр авах бололцоо бий.

-4000 айлын орон сууц хөтөлбөр төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулахаас гадны барилгын салбарыг дэмжих зорилготой хэрэгжсэн. Эдгээр үүргээ бүрэн биелүүлж чадаж байна уу?

-4000 айлын орон сууц хөтөлбөр 2009 оны сүүл буюу барилгын салбар уналтад орсон үед гарч ирсэн шүү дээ. Тиймээс яг цагаа олж гарч ирээд, үүргээ биелүүлчихсэн хөтөлбөр. Энэ хөтөлбөр богино хугацаанд хэрэгжсэнээрээ барилгын салбарыг үндсэнд нь хямралаас гаргасан. Яагаад гэвэл 2010 онд гэхэд л 80 тэрбум төгрөг барилгын салбарт орсон. Барилгын компаниуд байруудаа борлуулж чадсан, олон компанийн муу зээл төлөгдсөн, дээр нь төрийн албан хаагчид байртай болсон гээд олон ололттой тал байна. Иймд 4000 айлын орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна гэж үзэх үндэслэлтэй. Нэг жилийн дотор гурван мянга шахам айл орон сууцтай болно гэдэг бол том үзүүлэлт.

-Нэг жилийн хугацаанд 80 гаруй тэрбум төгрөгийн зээл олгсон нь бас л их тоо байна?

-Тэгэлгүй яах вэ. 80 тэрбум төгрөгийн зээл гэдэг бол арилжааны банкуудтай харьцуулахад том тоо юм. Гэхдээ төрийн албан хаагчдын тоотой харьцуулахад бага тоо. Эх үүсвэрийн хэмжээг нь авч үзэхэд бас л том тоо гэж хэлж болно. Ер нь 152 тэрбум төрөгийн зээл олгоно гэдэг бол Монголын түүхэнд байгаагүй их тоо гэдгийг хэлэх хэрэгтэй. Азийн хөгжлийн банкны зээл 15-20 сая долларт багтдаг. Харин Засгийн газрын бондын 150 тэрбум төгрөг 130 сая долларт хүрч байна. Тэгэхлээр 4000 айлын орон сууц хөтөлбөр маш том арга хэмжээ юм. Үүнийг алдаа мадаггүй, иргэдэд хурдан хүргэх нь бидний хамгийн чухал үүрэг. Нөгөө талаараа 4000 айлын орон сууц хөтөлбөр цагаа ч, нүдээ ч олсон. Цагаа олсон гэдэг нь хямралын үед гарч ирж, олон компанийг хөл дээр нь босгосонтой холбоотой. “4000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжсэнээр аврагдлаа шүү” гэж хэлсэн барилгын компанийнхан маш олон байдаг. Нүдээ олсон гэдэг нь орон сууцны зээл хэрэгтэй байгаа багш, эмч, сувилагч, хилийн заставын официер гээд бүх шатанд хүрснийг хэлж байгаа юм.

-4000 айлын орон сууц хөтөлбөр хэзээ хэрэгжиж дуусах вэ?

-Бид хөтөлбөрөө энэ оны эхний хагас жилд дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Эх үүсвэр маань гацахгүй бол товлосон хугацаанд нь дуусгаж, дараагийн хөтөлбөртөө шилжинэ.

-Танай байгууллага иргэдийн орон сууцны зээлийг хурдан шуурхай шийдвэрлэх тал дээр хэрхэн ажиллаж байна?

-Бид маш хурдан шийдвэрлэж ажиллаж байна. Болж өгвөл иргэдийг буцаахгүй юмсан гэсэн байр суурьтай байгаа. Иргэд өөрсдөө материалаа бүрдүүлж өгөхгүй хойрго хандах зэрэг асуудал үүсдэг. Бид материалаа бүрэн бүрдүүлээд ирсэн иргэний зээлийг 10-14 хоногийн хугацаанд шийддэг юм. Гэхдээ биднээс хамааралгүй асуудлууд ч бий. Тухайлбал Засгийн газрын бондын арилжаа байна. Энэ оны гурав, дөрөвдүгээр сард бондын арилжаа хийгдэх байх. Тэр хүртэл санхүүжилт нэг хэсэгтээ зээлийн асуудал шийдэгдэхгүй гэсэн үг. Засгийн газрын бондын арилжаа тасралтгүй явагдах тусмаа бидэнд олон хүний зээлийг илүү хурдан шийдэх бололцоо бүрдэнэ. Бид нөөц бололцоогоо ашиглаад богино хугацаанд маш олон хүний зээлийг шийдэхийн төлөө ажиллаж байна. Гэхдээ санхүүжилт тасралтгүй орж ирснээр энэ ажил явагдана гэдгийг ойлгох хэрэгтэй.

“ӨГЛӨӨНИЙ СОНИН” Д.ӨНӨРЖАРГАЛ

Comments 

 
#3 нууц 2013-02-04 11:36
одоо 2013 он хэрэгжиж эхэлсэн үү? байрны үнэ тэнгэрт хадаад байна байр гэдэг үг диваажин гэдэг үгтэй дүйцэхүйц байна. яагаад удаад байна вэ? хурдхан арга хэмжээ авч нийлүүлэлтийг нэмэгдүүлээч... Монгол улс мандан бадраг
Quote
 
 
#2 XxX 2012-03-14 18:30
ene ehnii 10 %-a tolood zahialna gsn tgd zeeld hamragdahiin tuld zaaval niigmiin daatgal tolson bh shaardlagatai yumuu..? hervee toriin alband ajildgvi bol yaah bee ..? todorhoi hariu ogooch...
Quote
 
 
#1 bolor 2011-02-18 11:37
bolj bn. ene chin harin
Quote
 

Add comment

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ